by

Ард Даатгал ХК 2021 оны III улирлын тайлангаа танилцуулж байна

 

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч, даатгуулагч, харилцагч болон хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилж байна.  

2021 оны III улиралд Ард Даатгал ХК төлөвлөсөн ажлуудаа амжилттай гүйцэтгэж, ололт, амжилтаа бататгаж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон харилцагчдынхаа итгэлийг дааж ажиллалаа. 

2021 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 10,093 иргэн, аж ахуйн нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд оны эхнээс 8,024 хувьцаа эзэмшигчээр буюу 4 дахин нэмэгдэж, бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг дуулгахад таатай байна. Мөн нээлттэй хувьцаат компани болсноос хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексын сагсанд 3 жил дараалан багтсан бөгөөд тайлант улиралд 9.0 сая ширхэг хувьцаа эргэлтэд орж, нийт 10.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол IPO хийснээс хойш 17.0 сая хувьцаа, нийт 16.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн, Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн хөрвөх чадвар сайтай хувьцаануудын нэг байсаар байна. Хувьцааны үнийн хувьд тайлант хугацаанд 1,200-1,750 төгрөгийн хооронд хэлбэлзэж, улирлын эцэст 1,613 төгрөгийн үнэтэй хаагдсанаар компанийн зах зээлийн үнэлгээ 40.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

Бид сүүлийн 10 гаруй жил тогтмол ногдол ашиг тарааж байгаа бөгөөд энэ жилийн хувьд ч нэгж хувьцаанд 40 төгрөг, нийт 1.0 тэрбум төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсний дагуу хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг бүрэн олгож дууслаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд  нийт 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. 

Тайлант хугацаанд манай компанийн нийт хөрөнгө 34.8 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс даруй 21 хувиар өссөн ба 11.1 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч нарт олголоо. Мөн даатгалын компанийн үндсэн орлогоос гадна ашгийг бүрдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын багц 26.8 тэрбум төгрөгт, хөрөнгө оруулалтын орлого 9.7 тэрбум төгрөгт хүрснээр 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

Бид даатгалын үйлчилгээгээ бүрэн цахимжуулах төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаа бөгөөд нөхөн төлбөрийн материал хүлээн авах процессыг бүрэн автоматжуулан цахимаар шийдвэрлэж эхэлсэн бөгөөд CRM, ERP системүүдийг сайжруулах, шинэчлэх зэргээр бүрэн цахимжсан үйлчилгээг иргэдэд үзүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Хэдий Коронавирус цар тахлын халдвар эрчимтэй тархаж, улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бизнесийн үйл ажиллагаа, зах зээл эрс хумигдсан ч цаашид энэхүү тааварлашгүй цаг үеийг амжилттай даван туулж, 2021 оны эцэст өмнөө тавьсан зорилгодоо хүрч, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн баяртай мэдээтэй уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлье. 

 

Гүнээ хүндэтгэсэн,

Гүйцэтгэх Захирал Г. Цогбадрах

 

Copyright © 2017 Ard Daatgal