by

Ард Даатгал ХК-ийн 2020 оны урьдчилсан тайлан

 

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч, даатгуулагч, харилцагч болон хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилж байна.  

 

2020 он гарснаас хойш Дэлхий дахинаа шинэ коронавирус (COVID-19)-ын халдвар эрчимтэй тархаж, улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон энэ үед бид Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлж ажиллах, төлөвлөсөн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн 2020 оныг ололт амжилтаар дүүрэн үдэж буйд баяртай байна.

 

Ард Даатгал компани өнгөрсөн онд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос өгсөн зөвлөмж, цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан анх удаа цахимаар амжилттай зохион байгуулж, хурлаа үр дүнтэй, хувьцаа эзэмшигчдэдээ хялбар ойлгомжтой явуулах бүхий л боломжийг хангаж ажиллалаа. Цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бизнесийн үйл ажиллагаа, зах зээл эрс хумигдсан хүнд хэцүү үед ч бид хувьцаа эзэмшигчдэдээ өмнөх жилийн жишгээр ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргаж, нэгж хувьцаанд 34 төгрөг, нийт 850 сая төгрөгийг 2020 оны 5 сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигч тус бүрийн үнэт цаасны дансанд амжилттай хуваарилж олгосон билээ. 2020 оны 12 сарын 31-ний байдлаар нийт 2,069 иргэн, аж ахуйн нэгж манай компанийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд оны эхнээс 432 хувьцаа эзэмшигчээр нэмэгдэн бидэнд итгэх хөрөнгө оруулагчид нэмэгдсээр байгааг дуулгахад таатай байна. Мөн компани нээлттэй хувьцаат компани болсноос хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексэд багтаж, 1-р ангиллын хувьцааны шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байгаа бөгөөд хувьцааны үнэ тогтвортой хадгалагдаж байна. 

Даатгалын борлуулалтыг цахимжуулах, гар утсаараа дамжуулан даатгал хийлгэх боломжийг нээж, Ард Апп дээр даатгалын бүтээгдэхүүнийг 2020 оны эхний хагаст бүрэн нэвтрүүллээ. Цаашид даатгалын үйлчилгээг илүү хялбаршуулах үүднээс нөхөн төлбөрийн материалыг цахимаар авах, Ард Аппаар борлуулагдаж буй бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

 

2020 оны байдлаар манай компанийн нийт хөрөнгө 27.8 тэрбум төгрөгт хүрч, 15.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн бид 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгож, даатгуулагчдынхаа өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Мөн бид 2020 онд 680 сая төгрөгийн татвар, 455 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсөвт бүрдүүлсэн байна. 

 

2020 онд манай хамт олон бүхий л хүчин чадлаа дайчлан төсөв, төлөвлөгөөгөө биелүүлж, хувьцаа эзэмшигч, даатгуулагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллаж чадлаа. Цаашид энэхүү тааварлашгүй цаг үеийг амжилттай даван туулж, 2021 онд өмнөө тавьсан зорилгодоо хүрч, хувьцаа эзэмшигч харилцагч та бүхэнтэйгээ баяртай мэдээтэй уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлье. 

 

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал Г. Цогбадрах

 

Copyright © 2017 Ard Daatgal