by
 Ард Холдингс болон Монгол Шуудан (MSE:MNP)-гийн хамтарсан салбарыг Сүхбаатарынхаа талбайн зүүн талд өнгөрсөн Баасан гарагт нээлээ.
Ард Төв Талбай салбар нь санхүүгийн болон шуудангийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олон нийтэд хүргэхээс гадна үнэт цаасны арилжааны төв болохоороо онцлог юм.
Тус төвд ирснээр иргэн үнэт цаасны дансаа нээх, үүгээр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 1,072 ширхэг хувьцаагаа баталгаажуулах, хувьцаа, бондны талаар мэдээлэл авч Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох, санхүү хөрөнгө оруулалтын сургалт, зөвлөлгөө авах, өндөр хүүтэй хадгаламж нээх, бүх төрлийн зээл, кредит карт авах, даатгалаа хийлгүүлэх, Монголын анхны хувийн тэтгэврийн санд хамрагдах, криптовалютын хэтэвч нээлгүүлэх, Биткойн болон бусад алткойны арилжаанд оролцох зэрэг санхүүгийн үйлчилгээг авах боломжтой болж байна.

Монгол Шуудангийн зүгээс энэхүү салбараар дамжуулан бүх төрлийн шуудан, илгээмжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран санхүүгийн үйлчилгээний туршилтыг эхлүүлэхээр зэхэж байна.

Монгол Шуудан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болох Eurogiro-г нэвтрүүлэхээр Олон улсын шуудангийн холбооны хурал дээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаа мөн энэ үеэр зарласан юм.

Салбарын нээлтийн үеэр Ард Холдингс блокчэйн дээр суурилсан олон улсын зайны эрүүл мэндийн үйлчилгээ буюу телемедийг Монголд нэвтрүүлэхээр болсноо мөн танилцууллаа.

Тус Нэгдлийн хөрөнгө оруулалттай крипто хэтэвчийн үйлчилгээ үзүүлэгч GoPay компани шинэ үйлчилгээ болох криптовалют барьцаалан ухаалаг утаснаасаа зээл авах боломжийг олгох GoLend-ийг танилцуулсан. Эцэст нь Ардынхан хөрөнгийн зах зээл дээр шинээр гаргаж буй өндөр хүү бүхий хаалттай бондын нөхцлөө дэлгэв.

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдинг) өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлаараа Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Жинст Увс (хуучнаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн, MSE:JIV) ХК-тай нэгдэх замаар нээлттэй хувьцаат компани болохоор шийдсэн билээ.

Тэд энэ жил Ард Даатгал ХХК, Ард Кредит ББСБ-г Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа ба Ард Даатгал ХХК-гийн IPO-г МХБ-ийн зүгээс зөвшөөрч, СЗХ-нд мэдэгдээд байгаа юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид зүгээр нэг хамтарсан салбар нээж байгаа биш юм. Бид 2016 онд Монгол Шуудан компанид хөрөнгө оруулснаасаа хойш төлөвлөж байсан шуудангийн салбараар иргэд санхүүгийн үйлчилгээ авах бололцоог хангана гэсэн зорилгодоо хүрч байгаа том ажлын эхлэл тавигдаж байна. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон Монгол Шуудан компанийн удирдлагад Eurogiro сүлжээнд нэгдсэн нь баяр хүргэе” хэмээн онцлов.

Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар хэлэхдээ “Монгол Шуудан компани хэсэгчилсэн IPO хийснээс хойш өнгө төрхөө өөрчилж, улс дамнасан шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлсний үр дүнд хувьцаа эзэмшигчдийн өгөөж сүүлийн хоёр жил бодитой өсч байна. Бид дэд бүтэц нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхлэж байгаа энэ өдөр манай компанийн түүхэнд нэгэн шинэ бүлэг нээж байгаа нь дамжиггүй. Хамтарсан салбарыг бий болгохын төлөө уйгагүй ажилласан өөрийн болон Ардын багт баяр хүргэе” гэлээ.
Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.
Ард Холдингсын бүрэлдэхүүнд:
  • Ард Даатгал,
  • Ард Кредит,
  • Ард Секюритиз,
  • Ард Лайф,
  • Ард Актив,
  • Ард Менежмент,
  • Ард Бит,
  • ТэнГэр Системс,
  • Монгол Шуудан,
  • ГөүПей,
  • Номын Хишиг,
  • Крипто Үндэстэн зэрэг компани багтаж байна.

Эх сурвалж: www.ikon.mn

Copyright © 2017 Ard Daatgal