by

Ард Даатгал компани 9,300+ хувьцаа эзэмшигчтэй болж, 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Компанийн тухай хуулийн дагуу Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Дэлхий дахиныг нөмөрсөн аюулт цар тахлын үед даатгалын салбарт олон шинэлэг алхмыг хэрэгжүүлж буй Ард Даатгал  хувьцаат компани 2020 онд хувьцаа эзэмшигчдийн эгнээгээ өргөтгөж, 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан таатай мэдээг дуулгасан хувьцаа эзэмшигчдийн хурал 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.

Хурлыг нээж Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг хэлсэн үгэндээ “Бид 2013 оноос Ард Санхүүгийн Нэгдлийг байгуулж, Ард Даатгал, Ард Кредит-д хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Эдгээр компанийг өнөөдрийг хүртэл дангаар нь хөгжүүлээд зогсохгүй Ард Санхүүгийн Нэгдэл өөрөө “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэмээх том хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хүн ардаа уриалсан. Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдаж байгаа арилжааны дийлэнх хэсгийг манай компаниуд эзэлдэг болсон. Энэ нь өөрөө нэг өдрийн дотор бүрэлдээд тогтсон амжилт биш. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн хувьд 2013, 2014 оноос хойш ихэнх нь тасралтгүй ажиллаж байгаа бол зарим гишүүд нээлттэй хувьцаат компани болох үеэс орж ажиллаж эхэлсэн туршлагатай гишүүд бөгөөд компанийн үйл ажиллагаанд бодлогын хүрээнд зөвлөмж, чиглэл өгөн, тасралтгүй ажилладаг өөрийн тогтолцоотой болсон.

Ард Даатгал компанийн хувьд Ард санхүүгийн нэгдлийн хамгийн чухал компаниудын нэг. Бид хөрөнгийн зах дээр болж байгаа үйл явдлыг монголчууддаа ойлгуулах, Монголд бизнесийг хурдтай хөгжих боломжийн тухай ухуулах, Монгол Улс олон улсын тавцанд гараад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бусад улсыг манлайлан оройлоод ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

Хурал компанийн ТУЗ-ийн баг болон хувьцаа эзэмшигчдийн 70.72 хувийн ирцтэйгээр үргэлжилсэн билээ.

Хэлэлцсэн асуудлууд:

  • 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
  • 2020 онд олгосон ногдол ашгийн тайлан 
  • 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  • Компанийн хаягийн өөрчлөлтийг дүрэмд тусгах
  • ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох талаар хэлэлцэв.

Монгол Улсад жил дамнан үргэлжилсэн хатуу хөл хорионы үед даатгалын салбар ч тодорхой хэмжээнд зогссон. Хэдий тийм ч Ард Даатгал компанийн хувьд өнгөрсөн жил амжилт бүтээлтэй, ашиг өндөртэй жил байсныг дараах тоон баримтаас харж болохоор байв.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ОНЦЛОХ НЬ:

  • 1994 онд үүсгэн байгуулагдсан Ард Даатгал компани 2018 онд IPO хийж нээлттэй хувьцаат компани болж
  • IPO хийсэн 2018 онд 1,369 хувьцаа эзэмшигчтэй байсан бол 2021 оны эхний улиралд 8,142 хувьцаа эзэмшигчтэй болсон бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын өдрийн байдлаар 9,300 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна;
  • Үйл ажиллагаа улам өргөжиж, 100 орчим ажилтан, нийслэл орон нутагт 21 салбартай ажиллаж байна;
  • Цар тахлын өвчлөлийн хамгаалалтыг дотоод болон гадаад эрүүл мэндийн даатгалдаа тусгасан байна;1
  • 2020 онд 166 мянга гаруй даатгуулагчаас 15.7 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 4,800 даатгуулагчид 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон;
  • Мөн онд 850 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан;
  • Харилцагч иргэддээ  45 сая АрдКойны урамшуулал олгосон;
  • 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2021 онд нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ

Г.Цогбадрах: Хувьцаа эзэмшигчид компанидаа даатгуулснаар илүү үр ашгийг хүртэнэ

Ард Даатгал компанийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах

“2020 он бол Ард Даатгалын хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Цар тахал дэгдсэнээс хойш бид аль болох даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх тал дээр олон зорилт дэвшүүлж ажиллаж байгаа. Даатгалын гэрээнүүдээ шинэчилж байна. Энэ үеийг ашиглаад ажилтнуудаа олон улсын сургалт, семинарт өргөнөөр хамруулж байна. Ер нь бол боловсон хүчний боловсролыг сайжруулах боломж гэж харж байгаа. Мөн “CRM”  даатгалын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Даатгалын томоохон компаниудтайгаа хамтраад хүнд өвчний даатгалыг зах зээл дээр туршиж байгаа. Мөн Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран хөдөө хорон нутагт “Хөрөнгө оруулагч үндэстэн” аяныг өрнүүлж ирсэн. Орлого, ашгийн хувьд өндөр өгөөжтэй жил байсныг дээр дурьдсан. Хувьцаа эзэмшигчид маань өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанидаа даатгуулаад явбал илүү их үр ашгийг цаашид хүртэх боломж байгааг онцолъё” хэмээн компанийн бодлогыг тодорхойлон ийнхүү ярьсан юм.

Хэлэлцэх асуудлын хүрээнд Ард Даатгал компанийн ТУЗ-ийн зүгээс “Гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлсэн ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа ба компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн гүйцэтгэлд ХАНГАЛТТАЙ гэсэн дүгнэлтийг хийж, компанийн гүйцэтгэх захиралд бүрэн итгэл хүлээлгэн ирээдүйд тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд ТУЗ-ийн зүгээс бүх талаар дэмжин, улирал бүр гүйцэтгэлийг тайлагнаж явахыг үүрэгдсэн бөгөөд борлуулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, чанартай үзүүлэлтүүдийг зах зээлийн тэргүүний түвшинд барьж явах чиглэл өгч ажиллаж байна” хэмээн дүгнэжээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан ШИЙДВЭР:

  • Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дүгнэсэн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг батлав.
  • Ард Даатгал ХК-ийн дүрмийн 1.5-д тусгасан компанийн хаягийн өөрчлөлтийг дүрэмд тусгах тухай батлав.
  • Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож батлав.

Хүчтэй.Хамтдаа

Copyright © 2017 Ard Daatgal