by

Ард Даатгал ХК-ийн 2021 оны 1 улирлын тайлан

 

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч, даатгуулагч, харилцагч болон хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилж байна.

2021 оны эхний улирал цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бизнесийн үйл ажиллагаа, зах зээл эрс хумигдсан хүнд хэцүү байсан хэдий ч Ард Даатгал ХК-ийн хувьд ололт, амжилтаар дүүрэн, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг дааж, түүхэн амжилтууд гаргасан цаг хугацаа байлаа.

Бид өмнөх 5 жилийн жишгээр ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаж, нэгж хувьцаанд 40 төгрөг, нийт 1.0 тэрбум төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэлээ. Удахгүй 2021 оны 4 сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд тус хурлаар 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа танилцуулж, ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг чухал асуудлууд хэлэлцэгдэхээр байна.

2021 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 8,142 иргэн, аж ахуйн нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд оны эхнээс 6,073 хувьцаа эзэмшигчээр буюу 3 дахин нэмэгдэж, бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг дуулгахад таатай байна. Мөн нээлттэй хувьцаат компани болсноос хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагсанд 3 жил дарааллан багтсан бөгөөд тайлант улиралд 6.4 сая ширхэг хувьцаа эргэлтэнд орж, нийт 6.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол IPO хийснээс хойш 14.5 сая хувьцаа, нийт 12.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн хөрвөх чадвар сайтай хувьцаануудын нэг байсаар байна.

Хувьцааны үнийн хувьд тайлант хугацаанд 705-1,590 төгрөгийн хооронд хэлбэлзэж, улирлын эцэст 1,455 төгрөгийн үнэтэй хаагдснаар компанийн зах зээлийн үнэлгээ 36.4 тэрбум төгрөгт хүрээд байна.

2021 оны эхний улиралд манай компанийн нийт хөрөнгө 35.2 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс даруй 22 хувиар өссөн ба хураамжийн орлогоор 2.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн, 900 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч нарт олголоо. Мөн даатгалын компанийн үндсэн орлогоос гадна ашгийг бүрдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын багц 27.7 тэрбум төгрөгт, хөрөнгө оруулалтын орлого 9.4 тэрбум төгрөгт хүрснээр 6.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа.

Бид даатгалын үйлчилгээгээ бүрэн цахимжуулах төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаагаас гадна CRM, ERP системүүдийг сайжруулах, амьдралын даатгалын үйлчилгээний зөвшөөрөл авах, даатгалын салбарт нэгдэх үйл ажиллагааг дахин хийх зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Цаашид энэхүү тааварлашгүй цаг үеийг амжилттай даван туулж, 2021 оны эцэст өмнөө тавьсан зорилгодоо хүрч, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн баяртай мэдээтэй уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

Гүнээ хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал Г. Цогбадрах

Copyright © 2017 Ard Daatgal