by

2018 оны 12 сарын 5

Улаанбаатар хот

Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй Ард Даатгал компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018 оны 12 сарын 1-ний өдөр Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Даатгалын компаниудаас анхлан Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийж, олон нийтийн засаглалтай болсон тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд, Ард Даатгал ХК-ийн дүрмийн сангийн хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр нэмж, 5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхийг зөвшөөрч, Ард Даатгал ХК-ийн дүрмийг мөн баталлаа.

Ард Даатгал ХК энэ оны 9 сард IPO хийснээр компанийхаа 30 хувийг олон нийтэд эзэмшүүлж, нийт 1,500 орчим хөрөнгө оруулагчтай болжээ. Хөрөнгийн зах зээлээс 5.25 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд тус компанийн нийт хувьцааны 19 хувийг иргэд, үлдсэн 81 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Ард Даатгалын хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр AIC гэсэн симболтой арилжигдаж байна.

“Манай компани нээлттэй хувьцаат компани болсноос хойш анхныхаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг амжилттай хуралдууллаа. Бидэнд итгэл хүлээлгэн, хөрөнгөө оруулсан нийт хувьцаа эзэмшигчиддээ талархал илэрхийлэхийн ялдамд нийт хамт олныхоо өмнөөс та бүхний итгэлийг өндөрт өргөж явахыг хариуцлагатайгаар амлаж байна” гэж гүйцэтгэх захирал Г.Цогбадрах хэллээ.

“Ард Даатгал нь манай хөрөнгө оруулалтын багцад томоохон байр суурь эзэлдэг компани. Бид харилцагчиддаа зөвхөн даатгалын үйлчилгээгээр хязгаарлахгүй, санхүүгийн иж бүрэн үйлчилгээг Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын зүгээс хүргэхийг хичээн ажиллаж байна. Хүүгүй зээл, цахим банк, e-commerce, Ард Шоп гээд олон олон шинэлэг бүтээгдэхүүнийг та бүхэнд өнөөдрөөс эхлэн хүргэнэ” гэж Ард Даатгалын ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг тэмдэглэв.

Ирэх жил компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр нь тохиох гэж буй Ард Даатгал компани үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигч нартаа нээлттэй танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд болон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 

Copyright © 2017 Ard Daatgal