by

Эрхэм харилцагч, даатгуулагч таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Бидэнд итгэл хүлээлгэн, эрсдлээ даатгуулж, хамтран ажилладаг та бүхэндээ 2017 оны ажлын үр дүнгээ тайлагнаж байгаад баяртай байна.

2017 оны хувьд томоохон даатгалын тохиолдлууд гарсан жил боллоо. Говь компани, Бармаш, Нарантуул зах, Гурвалжингийн гүүрний ойролцоох хуванцрын үйлдвэр зэрэг томоохон объектууд дээр гарсан гал түймэр, тэдгээрийн хор уршиг, даатгалтай холбогдож буй байдал, даатгалаас учирсан хохирлыг барагдуулсан явдал зэрэг нь олон нийтийн анхаарлын төвд байж, энэхүү санхүүгийн үйлчилгээний ач холбогдлыг иргэдэд дахин ойлгуулж таниулсан явдал болсон. Мөн хаврын хуурайшилтаас үүдсэн ой хээрийн их түймэр улс орныг нэлэнхүйд нь нөмөрч, нийслэлд ч орж ирэн, түймрийн утаа нөмөрсөн нь байгалийн болон давагдашгүй хүчин зүйлсийн аюул эрсдлийн талаар бидэнд томоохон анхааруулга болсон. Нийслэлийг нөмөрсөн түймрийн утаа, галын аюултай тэмцэх үүднээс олон нийтийн сүлжээгээр давалгаалсан тусламжийн хөдөлгөөнд манай компани болон ажиллагсад маань нэгдэж, гал түймэртэй тэмцэх ангийнхан болон сайн дурынханд хоол хүнс болон мөнгөн тусламж үзүүлж, нийгмийн хариуцлагатай байгууллага болохоо батлан харууллаа.

Бидний хувьд 2017 онд төлөвлөсөн зорилтууддаа хүрч, даатгалын салбарт эзлэх компанийн байр суурийг улам бэхжүүлэн, 100 гаруй ажиллагсадтай, 238 даатгалын төлөөлөгчтэй Монгол улсын бүхий л аймаг, сумдад хүрч ажилласан баг хамт олныг бүрдүүлж чадлаа. 2017 онд манай компани нийт 10.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлогыг төвлөрүүлж өнгөрсөн оны эцсийн үр дүнгээс 40 орчим хувийн өсөлт үзүүлж, харилцагчиддаа 4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож ажилласан байна.

2017 онд компани маань 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 23.7 хувьтай байна.

Өнгөрсөн жил бид үйлчилгээний чанарт онцгой анхаарч, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгахыг хичээн ажилласан. Нөхөн төлбөрийг энгийн үед дунджаар ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж байгаа бөгөөд шинэ жил, цагаан сарын баяр ёслолын үеэр 500 мянга хүртэлх дүнтэй нөхөн төлбөрийг өдөрт нь шийдэж, шуурхай үйлчилж, харилцагчдын талархлыг хүлээлээ.

Бид харилцагчиддаа шинээр газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож, чамгүй борлуулалт хийлээ. Мөн ургац алдсан 4 аж ахуйн нэгжид Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал компанитай хамтран 211 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Мөн тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнийг хялбаршуулан, хүртээмжтэй болгох үүднээс оны эцсээр Хүлэг нэртэй бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгож эхэллээ.

Ард Даатгал 2017 онд татварт нийтдээ 316 гаруй сая төгрөг, нийгмийн даатгалд 245 сая төгрөгийг төлж, улс эх орон, ажиллагсдынхаа өмнө хүлээсэн үүргээ өндөрт өргөн ажилласан.

2018 онд бид компаниа Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргаж, нээлттэй хувьцаат компани болох, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг төлөвлөөд, урам зоригтойгоор ханцуй шамлан ажиллаж байна. Та эрсдлээ бидэнд даатган, манай компаниар үйлчлүүлэхийн зэрэгцээ бидний төлөвлөсөн хувьцаа гаргах ажилд оролцож, даатгалын салбарын тоглогч болохыг уриалж байна. Монгол улсад даатгалын салбар улам өсөн өргөжих боломж дүүрэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах

Copyright © 2017 Ard Daatgal